Monday, May 20, 2013

Энергийн ундаа эрүүл мэндэд хортой




Америкд энергийн ундаа үйлдвэрлэгч нэгэн  компаний бүтээгдэхүүнтэй холбоотойгоор 13 хүн нас барсан тохиолдол бүртгэгдээд байгаа. Манай залуус ч сүүлийн үед энергийн ундааг түгээмэл хэрэглэх болсон. Уг ундаанд 215 мг каффейн агуулагддаг ба энэ нь 2 аяга кофенд байдагтай адил хэмжээ юм. Насанд хүрэгчдэд каффейн нь хуурайшилт, хоол боловсруулах хүндрэлүүд, таргалалт, түгшүүр, нойгүйдэл, зүрхний хэмнэл алдагдах гэх мэт олон төрлийн эрүүл мэндийн сөрөг нөлөөг үзүүлдэг. Энергийн ундааг ихэвчлэн өсвөр насны залуучууд хэрэглэдэг. Энергийн ундаа уудаг хүмүүсийн 66% нь 13-35 насныхан байдаг. Гадны орнуудад нэн ялангуяа АНУ-д 2007 онтой харьцуулахад 2011 онд энергийн ундаанаас болж эмнэлгийн тусламж авсан тохиолдол хоёр дахин нэмэгдсэн байна.

Энергийн ундаа гэж юу вэ?

Энергийн ундаанд каффейн их хэмжээгээр агуулагдахаас гадна гуарана, хүн орхоодой зэрэг сэргээгч бодисууд байдаг. Нэг энергийн ундаанд ойролцоогоор 75-210 мг каффейн байдаг. Нэг кока коланд 34 мг, нэг  Mountain Dew-д 55 мг каффейн агуулагддаг аж.

Энергийн  ундаа уухад богино хугацааны хор хөнөөл бий юу?

Хүн бүрийн биеийн эсэргүүцлээс шалтгаалан каффейнд өөр өөр хариу үзүүлдэг ба энергийн ундаа маш хүчтэй тул маш болгоомжтой хэрэглэх ёстой. Дасгал хийж байхдаа энергийн ундаа ууж болохгүй. Учир нь хөлсөөр шингэн алдаж дээр нь каффейний шээс ялгаруулах үйлчилгээ нэмэгдэхэд маш ноцтой шингэний дутагдал үүсгэж болдог.

Энергийн ундааг согтууруулах ундаатай холиход юу болдог вэ?

Энэ холимог нь эрүүл мэндэд дараах хор хөнөөлтэй:
  • Энергийн ундаа хүнийг сэргээдэг харин согтууруулах ундаа биеийг тайвшируулах нөлөөтэй тул эсрэг нөлөөллүүд нь аюултай. Сэргээх нөлөөлөл нь таныг согтуурлын түвшингээ мэдэрч ойлгоход саад болдог. Ядарч сульдах нь таны бие хангалттай уулаа гэдгийг мэдэгдэж буй нэг дохио юм.
  • Сэргээдэг нөлөөлөл нь хүнд худлаа сэтгэгдэл төрүүлдэг. Та сэргэг байлаа ч гэсэн цусан дахь согтууруулах ундааны концентраци энергийн ундаа уугаагүй үетэй адилхан байх болно. Хүмүүс жолоо барих, замд гарах зэрэг анхаарал шаардсан зүйлс биелүүлэх чадвараа буруу үнэлдэг. Сэргээх нөлөөлөл гарсны дараа архины сулруулах нөлөө үлдэж унтаж байхад тань дотор муухайрах эсвэл амьсгалын замын хүндрэл зэрэг үүсч болдог.
  • Судалгаагаар архи каффейнийг хольсон үед хүмүүс илүү их хэмжээгээр ууж цусан дахь архины хэмжээ өндөр байдгийг тогтоосон.
  • Энергийн ундаа, архи хоёул хуурайшуулдаг. (энергийн ундаан дахь каффейн нь шээс их ялгаруулдаг). Хуурайшил нь биеийн согтууруулах ундаа боловсруулах чадварыг багасгаж хорыг нэмэгдүүлдэг ба дараагийн өдөр нь шарталт бий болдог.
Чихэр агуулдаг энергийн ундаа жин нэмэхэд хүргэхээс гадна хэт их каффейн хэрэглэснээр:
  • Самгардах
  • Цухалдах
  • Нойргүйдэл
  • Зүрхний цохилт хурдсах
  • Цусны даралт өгсөх шинж тэмдгүүд бий болно.
Ихэнх хүмүүс энергийн ундааг хааяа нэг уухад зүгээр боловч өдөрт 500 млл-ээс хэтрүүлсний хэрэггүй байдаг. Хэрэв та байнга ядарсан эрч хүчгүй байдаг бол эрч хүч өгөх өөр илүү дээр эрүүл аргуудыг сонгоорой. Зохистой нойр авч, өдөр тутамдаа дасгал хөдөлгөөн хийж эрүүл хооллох нь зүйтэй. Хэрэв эдгээр зөвлөгөө тус болохгүй бол эмчид хандах нь зөв. Зарим тохиолдолд ядаргаа нь бамбай булчирхайн гипертериоз эсвэл цус багадалт зэрэг өвчний үед илэрдэг. Энергийн ундааны хэрэглээ өсөхийн хэрээр эцэг эхчүүд хүүхдийн хэрэглэж буй каффейний хэмжээнд санаа зовж байна. Насанд хүрсэн хүн өдөрт 100 мг-аас ихгүйг харин хүүхдүүд каффейн агуулсан ундааг тогтмол ууж болохгүй. Шингэн уух зүйлс өөрсдийн каффейний агууламжийг тэр болгох бичдэггүй. Зарим энергийн ундаанд 14 лааз хийжүүлсэн ундаанд агуулагдах хэмжээний каффейн агуулагдах тал бий.  
Red Bull 1997 онд хамгийн анх АНУ-д худалдаанд гарч зах зээл нь асар хурдацтай тэлсэн ба одоо зөвхөн АНУ-д уг зах зээлийн жилийн ашиг 5,4 тэрбум долларт хүрээд байна. Коланы төрлийн 350 гр ундааны төрөл тутамд 71 мг-аас ихгүй каффейний агууламжийг зааж өгсөн ч энергийн ундаанд ийм хязгаарлалт байдаггүй.
  • Red Bull: Нэг удаагийн 230 гр тутамд 80 мг каффейн
  • Чанасан кофе: 340 гр тутамд 200 мг каффейн
  • Бэлэн кофе: 340 гр тутамд 140 мг каффейн
  • Идээшсэн цай: 340 гр тутамд 80 мг каффейн
  • Mountain Dew: 340 гр тутамд 54 мг каффейн
  • Pepsi Cola: 340 гр тутамд 38 мг каффейн
  • Классик Кока Кола: 340 гр тутамд 34.5 мг каффейн
  • Лаазалсан эсвэл лонхтой цай: 340 гр тутамд 20 мг каффейнийг тус тус агуулдаг байна.



No comments:

Post a Comment