Хүнсний ногоо нь
хүний биемахбодийн хэвийн өсөлт хөгжилтийг дэмжиж, эрүүл чийрэг байлгах
төдийгүй хөдөлмөрлөх чадварыг улам сайжруулдаг төрөл бүрийн витамин, эрдэс
давс, ус, шим тэжээл бүхий нүүрс усаар элбэг байдаг. Хүнсний ногоо, үр тариа,
мөөгөнд зохих хэмжээний тос, уураг агуулагдана. Хүн өдөр болгон хоолондоо шинэ
ногоог хэрэглэх нь нэн чухал билээ.
Хүнсний ногооны ихэнх хэсгийг ус эзэлдэг. Жишээ нь сармисны 65%, өргөст
хэмх, ногоон байцааны 95-96%-ийг ус эзэлнэ.
Эрүүл аж төрөхийн
тулд хүн хоногт хэрэглэх хоолны шим тэжээлийн 15-20%-ийг жимс, ногоогоор хангах
ёстой. Хүнсний ногоонд тос 1%, уураг 15-20% агуулагдах ба хуурай бодисын
зонхилох хэсэг нь ислэг, цардуул, сахар юм. Ислэг нь бие махбодид шингэц муутай
боловч гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг ба хоолны илчлэг ихдэхээс
хамгаалдаг байна. Мөн ислэг болон пектин нь хоол боловсруулах явцад үүссэн хорт
бодисыг шингээж хүний бие махбодиос гадагш ялгаруулдаг ач тустай. Хүнсний ногоо
нь хүний бие махбодид физиологийн шүлтлэг давсыг бий болгож, махан хоолыг
саармагжуулж, шингэлтийг нь сайжруулан хүчил, шүлтийн тэнцвэрийг хэвийн байдалд
нь хадгалж , бодисын солилцоог идэвхжүүлнэ. Хүнсний ногоо болон жимсэнд хүний
бие махбодид зайлшгүй шаардлагатай төмөр, кали, магни, фосфорын давснаас гадна
олон төрлийн витамин, бичил элементүүд элбэг байдаг. Иймд хүнсний ногоог
витамины эх уурхай гэж олон эрдэмтэд үздэг.
Витаминыг эмийн
хэлбэрээр хэрэглэхээс илүү шинэхэн ногооноос авах нь илүү их ач холбогдолтой.
Хүний бие махбодид шаардлагатай витамин С, каротиныг үндсэндээ хүнсний ногоо л
хангана. Хүнд хоногт 75-100 мг витамин С хэрэгтэй бөгөөд үүнийг 30-50 грамм
чинжүү, 50 грамм яншуйн навч, 120 грамм байцаа, 150 грамм бууцай, 170 грамм
улаан лооль, 100 грамм улаан луувангийн аль нэг нь хангаж чадна. Тэгвэл А
витамины хоногийн хэрэглээ 1,5-2,5 грамм байдаг. Ийм хэмжээний каротиныг авахын
тулд хоногт 50 грамм чинжүү, 60 грамм шар лууван, 250 грамм улаан лооль, 100 грамм
сонгино, бууцай, гоньдны навч зэргийн аль нэгийг нь идэхэд л хангалттай.
Хүнсний ногооны
найрлаган дахь нүүрс ус, чихэр, цардуул нь ислэгийн байдалтай байдаг. Илчлэгийн
хувьд төмс 3-5 дахин ихийг агуулдаг. 100 грамм шинэ төмс нь хүний биед 30,3
ккал дулааны энергийг өгч чадна. Хүн хоногт 300-400 грамм төмс хэрэглэх нь
зохистой. Төмсний булцуунд 23,6 % нь хуурай бодис байдаг. Мөн төмсний
найрлаганд С, В витаминууд хамгийн ихээр агуулагддаг. Хүмүүсийн бүтэн жилд
хэрэглэх С витамины 40%-ийг төмс хангаж чадах тул энэ ногоо их ашигтай нь
харагдаж байна. Хүн төрөлхтөн хүнсний ногоог эрт дээр үеэс эмчилгээнд хэрэглэж
ирсэн ба энэ ач холбогдлыг зарим нэг төрлийн ногоон дээр авч үзье.
Байцаа
Энэ ногоо нь Газар
дундын тэнгис, Баруун Европын тэнгис далай орчмын нутгуудаас гаралтай бөгөөд
Монгол оронд бөөрөнхий байцаа / белокочанная капуста/, булцуут байцаа /
кольраби/, улаан байцаа, хятад байцаа, цэцэгт байцаа, брюсселийн байцаа,
брокколи зэргийг тариалж байна. Байцаа амт чанар сайтай, зарим өвчнийг анагаах
чанартай. Бүх л төрлийн байцаанууд олон янзын витаминаар баялаг. Тухайлбал
бөөрөнхий байцаанд 0,З грамм орчим витамин агуулагддаг бол цэцэгт байцаа нь
хоёр, брюсселийн байцаа 3 дахин их витаминтай. Байцаанд иод 100 гр/, витамин С-
31,9-141,9 мг, витамин A - 2 мг%, витамин В - 0,22 мг%, витамин В2 - 0,6 мг%,
витамин РР - 2,7 мг%, витамин К- 4 мг% хүртэл байхаа сгадна Р, Д, Е витаминууд
бас байдаг.
Хүний хүнс
тэжээлд ямар ч зүйлээр үл орлуулах чухал ач холбогдолтой аргинин, гистидин,
лизин, триозин, треонин, триптофан, цистин зэрэг амин хүчлүүд, нимбэг, хурган
чихний органик хүчил нилээд их хэмжээгээр агуулагдана. Байцаанд байх фолийн
хүчил цусан дахь холестерины хэмжээг бууруулахаас гадна цус багадахаас
сэргийлнэ. Мөн найрлагад нь байх тартараны хүчил хэт таргалалтаас хамгаална.
Байцааны ислэг чанар нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлж, хоолны
шингэцийг сайжруулна. Шинэ байцааны шүүсийг ямар нэгэн шархыг анагаахаас гадна
амны хөндийн үрэвслийн үед зайлж хэрэглэдэг. Мөн байцааны шүүсэнд сахар нэмээд
ханиалгах, хоолой сөөх үед хэрэглэвэл үр дүн сайтай. Байцааны навчинд сүрьеэ
өвчнийг үүсгэгч савханцар, алтлаг стафилококк зэрэг нянгуудыг хөнөөх фитонцид
гэдэг бодис байдаг. Хүний бие махбодид шаардлагатай төмөр, натри, кали, фосфор,
магни, хүхэр, төрөл бүрийн давс зэрэг эрдэс бодисууд агуулагдахаас гадна
байцаанд орших нүүрс ус, эслэг бодисууд нь судас хатуурахаас сэргийлж,
холестериныг их хэмжээгээр биеэс гадагш ялгаруулдаг байна. Байцаанд агуулагдах
ургамлын хоёрдогч бодис болох глюкосинолат нь нянгийн өсөлт үржлийг зогсоосноор
халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчлэлтэй. Байцааны төрлийн ногоог их
хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд нарийн, бүдүүн гэдэсний хавдраар өвчлөх эрсдэл
маш бага байдаг байна.
Бууцай /шпинат/
Хүйтэнд
тэсвэртэй эрт болцтой навчит ногоо юм. Бууцайнд төрөл бүрийн витамин, кали, кальци,
иод, төмөр ихээхэн хэмжээгээр агуулагдана. Ногоонуудын дотроос хамгийн ихээр
уураг агуулдаг ногоо бол бууцай юм. Иймд бууцайг хүч тамирын ногоо гэж
нэрлэдэг.
Сармис
Нарийн шугаман
навчтай, ганд тэсвэртэй ногоо. Сармисны цэвэр хумсны хуурай бодисын найрлаганд
уураг 6,7%, тослог 0,6%, чихэр 26,3%, ислэг
0,77% тус тус ордог. Үүнээс гадна витамин С 140 мг байх бөгөөд эфирийн тосоор
баялаг тул өвөрмөц үнэр, амтыг бий болгоно. Сармис нь фитонцидыг ихээр
агуулдгаараа элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хоол боловсруулах
эрхтний хэвийн үйл ажиллагааг хангах, бөөр, зүрх судас, уушгины өвчнүүдийг
анагаах олон талын үйлчилгээтэй. Сармисыг удаан шарж шүүсийг нь авах замаар уушгины
хатгаа, багтраа /астма/, хөхүүлж ханиалгах үед цээж, хоолойд түрхэж хэрэглэдэг.
Мөн сармисанд агуулагдах, түүний өвөрмөц үнэр болон гашуун чанарыг нь хариуцдаг
сульфид гэдэг бодис нь хорт хавдрын эсрэг нилээд хүчтэй зэвсэг болдог нь
батлагдсан. Сульфид нь антиоксидант буюу чөлөөт радикалуудыг саармагжуулах,
бодисын солилцоонд эсийн нөхөн төлжилтийг сайжруулах үүрэг гүйцэтгэдэг тул
хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Үүнээс гадна цусны бүлэгнэлт болон
дархлалын системд эергээр нөлөөлнө. Эдгээр бодисууд шүлс ба ходоодны шүүсний
ялгаралтыг зохицуулж нарийн бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг
сайжруулснаар хоол боловсруулалтыг дэмждэг байна. Мөн артерийн судаснууд дахь
холестерины хэмжээг бууруулснаар зүрхний шигдээс өвчнөөс урьдчилан сэргийлдэг.
Сармис төрөл бүрийн эмийн бүрэлдэхүүнд оролцдог учраас хүнс болон эрүүл ахуй, эмчилгээний
ач холбогдолтой ногоо юм.
No comments:
Post a Comment