Хүүхэдтэйгээ
сайхан харилцаа үүсгэх үндэс бол эерэг харилцааны чадвар юм. Гэсэн ч хүний
амьдралд маш олон сөрөг хүчин зүйлүүд гарч, сонсож харилцахад хүндрэлтэй, үр дүнгүй болох
тохиолдол байдаг. Хүүхэдтэйгээ
харилцаагаа сайжруулахад тань хэрэг болох хэдэн аргуудыг дор дурдъя.
Ярихын эсрэг сонсгох
Та хүүхэдтэйгээ
ярьж байхдаа хэдэн зүйлийг байнга санаж байх хэрэгтэй.
Хэлэх зүйлээ хүүхдээ
сонсоосой гэж хүсвэл дараах аргуудыг дагаж, хэрэгжүүлээд үзээрэй:
·
Хүүхдийнхээ
өндөрт адил хэмжээнд доош суун ярилц.
- Энгийн үгнүүд ашигла.
- Гол санаагаа хэл.
- Бүү орил.
Хүүхдийнхээ өндөрт харьц
Та ярьж байгаа
зүйлээ хүүхдээ үнэхээр сонсоосой гэж хүсвэл тэдний өндөрт ойртон тонгойж
яриарай. Хэрвээ та явган сууж чадахгүй бол хүүхдээ өргөн өвөр дээрээ
суулгаарай. Тэдний нүд рүү эгц харж хэлэх зүйлээ тайван удаанаар хэлж ойлгуулаарай.
Бувтнаж, тодорхой бус байдал үүсгэхгүй байх хэрэгтэй ба хэт дэлгэрэнгүй уран
яруу үг ашиглан хүүхдүүддээ сэтгэгдэл төрүүлэхийг хичээх хэрэггүй. Хүүхдээ нүд
рүүгээ харахыг дэмжээрэй. Хүүхэд яг таны урд зогсоод машины урд байдаг нохойн
мэт толгойгоо хөдөлгөж магадгүй. Энэ нь тэд анхаарал хандуулахгүй байгаагийн
илрэл. Та мэдээж “Өглөөний мэнд”, “Өлсөж байна уу” гэх мэтийг хэлэхдээ хүүхэд
рүүгээ тонгойх шаардлагагүй. Илүү нухацтай зүйлүүд жишээ нь “Ээжийнхээ
түлхүүрийг яасан бэ?” эсвэл “Чи дүүгийнхээ толгой руу цохисныхоо төлөө яагаад
асуудалд орсон гэдгээ ойлгож байна уу?” гэж хэлэхдээ тэдний өндөрт ойртож
ярилцаарай. Гэхдээ харилцааны хамгийн чухал хэсэг бол сайн сонсогч байх гэдгийг
бүү мартаарай. Хэрвээ та сонсохгүйгээр байнга ярих юм бол харилцаа аль алиндаа
хүрэхгүй үр дүн муутай байх болно.
Энгийн үгнүүд ашиглаарай
“Наадах чинь яг
юу гэсэн үг вэ?” гэж эцэг эхчүүд, насанд хүрэгсэд заримдаа зоригтойгоор хэлж
чаддаг. Тэд үүнийг хэлэхдээ тэнэг хүн шиг сонсогдохгүй гэж найддаг. Харин
хүүхдүүд тань руу инээж толгой дохино эсвэл бүр ямар ч хувиралгүй царайгаар
өөдөөс тань ширтэх болно. Хүүхэдтэй ярихдаа тэдний ойлгодог үгийг ашиглаарай.
Таны ярьж байгааг хүүхдүүд тань мэдэж ойлгодог байж гэмээнэ санаагаа
ойлгуулахад илүү хялбар байдаг. Хэрвээ та тэдний ойлгоогүй гэж үзвэл тэднээс юу
хэлснээ тайлбарлуулаарай. Энэ нь та санаагаа хэр сайн ойлгуулсан гэдгээ шалгах
сайн арга болно. Та хүүхдийнхээ ойлгодог үгээр тэдэнтэй ярихгүй бол та Свахил
хэлээр ярьж байна л гэсэн үг. Тиймээс л зарим эцэг эхчүүд маш товч, шулуун
өгүүлбэр ашиглаж ярихыг та олонтаа сонсдог. “Суу. Үлд. Үгүй үгүй үгүй!
Боль боль боль!
Сайн хүү” гэх мэт энгийн үгээр ярих нь
заримдаа тэд тэжээвэр амьтантай ярьж буй мэт сонсогддог ч үр дүнтэй байдаг аж.
Та үргэлж сургуулийн өмнөх насныхны түвшинд ярихгүй ба заримдаа та үгийн сангаа
баяжуулах хэрэгтэй. Хүүхдүүддээ шинэ үг зааж танилцуулахдаа тэднээс хэлснийг
тань ойлгосон эсэхийг лавлаж асуух хэрэгтэй. Ихэнхдээ тэд даруухнаар
инээмсэглэж “Тийм” гэж худлаа хариулах болно. Тэднээс хэлсэн зүйлийг тань
тайлбарлахыг л асуух хэрэгтэй. Хэрэв тэд утгыг нь ойлгоогүй бол өөр аргаар
тайлбарлаж эсвэл ойлгохгүй байгаа үгийг нь тайлбарлаж өгөөрэй. Хүүхдээс
ойлгосон эсэхийг нь үргэлж асууж байгаарай. Хэрэв тэд итгэлгүй, тээнэгэлзэж
байвал танд эргүүлж тайлбарлахыг хүсээрэй. Ийм л замаар та санаагаа ойлгуулж
чадсан эсэхээ мэдэж болно. Мэдээж хэрэв хүүхэд тань таниас тодорхой үг ямар
утгатай болохыг төвөггүй асууж лавладаг бол ойлгосон эсэхийг нь асуух
шаардлагагүй юм.
Гол санаагаа хэлж байх
Та ярилцах цаг тогтоосоон
мэт дүр эсгээрэй. Хэрвээ та богино хугацаанд хэлэх зүйлээ хэлж чадахгүй бол
ихэнх хүүхдийн анхаарал сарнидаг. Нөгөө талаар хэрэв та хэт товч хэлсэн бол тэд
шаардлагатай бол таниас лавлаж асуух болно. Таны тодорхой байж санаагаа шууд
хэлэх үед хүүхдүүд таныг хамаагүй илүү ойлгодог. Тиймээс:
- Удаан үргэлжилсэн утгагүй ярианаас
зайлсхий
- Урт тайлбар хийхгүй байх
- Хэлэх гэснээ л хэлэх
Хүүхдүүд таныг
сонсох албагүй. Тэд таны зарим хүмүүсийг сонсохыг хүсдэггүй шиг юу сонсох
сонсохгүйгээ шийддэг. Та тэднийг сонсгохын тулд хүчилж, ая тал засч, гуйж эсвэл
хүсэж болохгүй. Тэд тоохгүй. Таныг өгүүлбэрээ хэлж дуусаагүй байсан ч уйдсан
үедээ эсвэл ядрахдаа шууд л явж орхино. Хүүхдүүдтэйгээ сайн харилцаатай байх нь
урт удаан, жаргалтай, өсөж дэвжсэн харилцаа бий болох үндэс юм. Хэрвээ хүүхэд
тань таныг сонсохгүй бол та уг үндсийг тавих боломжоо алдсан байна гэсэн үг.
Бүү орил
Орилох нь
харилцааны хамгийн буруу муу хэлбэр. Үүний баталгаа: Та хүүхдүүд рүүгээ орилж
хашгирах үед тэд хэлж буй үгийг огт сонсдоггүй. Тэд таныг орилж байгаа болохоор
эсвэл өөрсдөдөө уурласнаас нүдэндээ нулимстай сэтгэл дундуур сууж байх болно.
Таны хэлэх гэсэн санаа огт хүрэхгүй. Тэдний болон таны сэтгэл хямралтай. Ямар ч
үр дүнд хүрээгүй.
Таныг орилох
үед таны хэлэх зүйл тэдэнд огт очдоггүй. Тиймээс та хэн нэгэн рүү орилох үе
гарвал өөрийгөө барин өрөөнөөс гарах хэрэгтэй. Хэдхэн секунд өөрийгөө бод. Хэд
хэдэн гүнзгий амьсгаа авч тайвшраад дахин ярилцах хэрэгтэй. Таны ажил бол
өөрийн санааг хүүхдүүддээ маш тайван байдлаар харилцаж ойлгуулах. Орилж
хашгирах нь хүүхдүүдэд таныг хяналтаа алдсаныг л харуулдаг. Та тэдэнд үлгэр
жишээ мөн багш байхыг хичээдэг. Тиймээс орилох нь хүүдүүддээ дамжуулж сургахыг
хүсэх зүйл огт биш. Үнэндээ хүүхдүүд тань томрох тусам тэд ундууцаж эргэн тань
руу орилдог болно. Эцэст нь та хүүхдүүд рүүгээ орилсноор тэдэнд мөн орилохыг
зааж өгч байна л гэсэн үг.
No comments:
Post a Comment