Thursday, April 4, 2013

Шүд цайруулахад юуг анхаарвал зохилтой вэ?



Шүд цайруулах нь хариуцлагатай, эрсдэлтэй ажилбар тул түүний улмаас гарах хүндрэлийг шийдэж чадах туршлагатай шүдний эмчээр л хийлгэх ёстой. Сүүлийн үед гоо сайхны салонууд шүд цайруулна гэсэн реклам явуулж байгаа. Шүд цайруулалтын улмаас үүссэн шүдний хүндрэл бэрхшээлийг ердийн гоо сайханч шийдэж чадахгүйг та тооцож үзэх хэрэгтэй.  


Шүдний эмч нарын мэргэжлийн түвшний ойлголтоор бол цасан цагаан шүд гэдэг нь тухайн хүний биеийн эрүүл мэнд сайн байгааг илтгэх үзүүлэлт биш аж. Энгийн хүмүүс шүдийг арьстай холбож харьцуулж ойлгох гээд байдаг. Цагаан нөсөө толбогүй арьс бол мэдээж тухайн хүний эрүүл мэндийг илтгэнэ. Гэвч шүд бол тийм биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Шүдний өнгө нь шар ч гэсэн биеийн эрүүл мэнд асуудалгүй хүмүүс олон бий. Шүдний өнгөнд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь тухайн хүний хэрэглэж буй хоол хүнс юм. Хоол хүнс болон ундаанд агуулагдах будагч бодисууд нь шүдний өнгийг өөрчлөхөд шууд нөлөөлдөг. Түүний нэг нь мэдээж кофе. Түүнчлэн кальци дутагдсанаас мөн тамхи татах хорт зуршлаас болж шүдний өнгө өөрчлөгддөг.

Шүдний өнгөө яавал хэвийн хадгалах вэ? Шүдний эмч нар танд жилдээ ядаж 2 удаа шүдээ мэргэжлийн түвшинд цэвэрлүүлэхийг зөвлөдөг. Мэдээж та өглөө бүр бас өдөр мөн орой шүдээ угааж байгаа. Гэвч мэргэжлийн цэвэрлэгээ гэдэг нь өөр юм. Таны шүдний сойзны үл хүрэх хэсгүүдийг багажаар, хэт авиагаар цэвэрлэдэг. Мэргэжлийн цэвэрлэгээний үр дүнд таны шүдний гадаргууд байх өнгөр, хүнсний будагч бодисууд, буйлны ховилд үүссэн шүдний чулуу арилна. Гэвч энэ бол зөвхөн шүдний гадаргуу дээр хийж буй ажилбар учир шүдний паалангийн гүнд нэвчсэн будагч бодис, өнгөний өөрчлөлтөнд нөлөөлөхгүй. Иймд паалангийн гүнд буй өнгөний өөрчлөлтийг химийн бодисоор үйлчилж цайруулдаг.

Мэргэжлийн түвшний шүд цайруулалтыг гэрийн нөхцөлд болон эмнэлгийн нөхцөлд гэж хоёр ангилдаг.  Гэвч энэ хоёр нь өөр хоор үйл ажиллагаа биш юм. Эмнэлгийн нөхцөлд тусгай зориулалтын гэрлийн тусламжтайгаар цайруулагч бодисыг паалангийн гүнд нэвчүүлдэг. Энэ үед цайруулалтын үр дүн шууд мэдрэгддэг. Энэхүү цайруулалтын үйлчилгээг хадгалахын тулд гэрийн нөхцөлд цайруулах бодисыг ашигладаг. Үүний тулд шүдний эмч тухайн хүнд зориулан шүдэнд нь таарах цайруулах халбага бэлдэж өгөх бөгөөд түүнд цайруулагч бодисоо хийн унтахдаа зүүдэг. Цайруулах халбагыг 5-10 удаа зүүх шаардлагатай.

Зарим хүмүүс гэрийн нөхцөлд цайруулах үйл ажиллагааг аптекиас шүд цайруулах бэлдмэл худалдаж аваад өөрөө хэрэглэх гэж ойлгодог. Гэвч аптек, гоо сайхны газруудад худалдаалж буй энэхүү цайруулах бэлдмэлийг эмчийн хяналтгүйгээр хэрэглэх нь цаашид хүндрэлд хүргэх сөрөг талтай. Хүмүүс ойрхон давтамжтайгаар олон удаа хэрэглэвэл шүд илүү цайрна гэж ойлгодог. Гэвч үүний улмаас шүдний хэт мэдрэгшил болж шүд халуун хүйтэн зүйлд хага ташиж өвддөг. Иймд хэрэв та гэрийн нөхцөлд эмчийн хяналтгүйгээр шүдээ цайруулахыг хүсэж байгаа бол уг бэлдмэлийг долоо хоногт хоёр удаа л хэ

рэглэхийг шүдний эмч, мэргжилтнүүд зөвлөж байна.

Ер нь шүдээ цайруулахаар шийдсэн бол заавал эмчийн хяналтан дор хийлгэвэл илүү үр дүнтэй, аюулгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ямар нэг мэдрэгших шинж тэмдэг илэрвэл шүдний эмчид түүнийг дарах эм материалууд бий.

Дараах тохиолдлуудад шүд цайруулалтыг хийж болохгүй
-Шүдний хэт мэдрэгшил (Халуун, хүйтэн болон исгэлэн зүйл зэрэг гадны ямар нэг зүйлээс цочирч хаг ташиж хүчтэй өвддөг бол)
- Жирэмсэн эмэгтэйчүүд
-Хөхүүл эхчүүд
-Үүдэн шүдэндээ ломбо болон бүрээстэй бол

No comments:

Post a Comment