Monday, April 8, 2013

Даралт ихсэхээс хэрхэн сэргийлэх вэ?

                

 Дэлхий дээр дөрвөн хүн тутмын нэг нь даралт ихсэх өвчнөөр шаналж байна. Даралт ихсэх нь зүрх судас болон бөөрний эмгэгтэй болох, цус харвах зэрэг өвчлөлд өртөх урьдал нөхцөл болдог. Даралт нь зарим тохиолдолд ямар ч зовиургүй огцом ихсэж, амь насаа алдах аюултай байдаг бол ихэнх тохиолдолд бие тавгүйтэх, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Орчин үед гэртээ даралтаа тогтмол хянах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл даралт ихэссэнээ мэдсэнээр түүнийг бууруулах ямар нэгэн арга хэмжээ авах боломжтой болсон гэсэн үг юм. Мөн байнгын эмчийн хяналтанд байх, эмэн эмчилгээ хийлгэх замаар даралтаа бууруулдаг. Гэвч даралтыг ихэссэнийх нь дараа бууруулах гэж оролдох биш үүнээс урьдчилан сэргийлэх явдал хамгийн чухал. Тиймээс даралт ихсэхээс сэргийлэх энгийн зөвлөмжүүдийг хүргэе.

Биеийн зохистой жингээ хадгалах
Илүүдэл жинтэй байх нь даралт ихсэх эрсдлийг 2-6 дахин нэмэгдүүлдэг. Тиймээс шантралгүй алхам алхмаар зохист жиндээ хүрэх нь зүйтэй. Учир нь жингээ маш бага хэмжээгээр хасахад зүрх судасны үйл ажиллагаанд маш том “тус” хүргэдэг байна. Жин хасах бүрт зүрхний ачаалал багасч,  даралт ихсэх эрсдлийг тэр хэмжээгээр бууруулдаг болохыг тогтоосон.
Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
Тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг хүний даралт ихсэх магадлал огт хийдэггүй хүнийхээс 20-50 хувиар бага байдаг. Гэхдээ энэ нь таныг марафон уралдааны гүйгч байх ёстой гэсэн үг биш юм. Хөнгөн чанарын дасгал хөдөлгөөнийг өдөр тутам хийгээд заншчихвал уг аюулт өвчинг тусах эрсдлийг бууруулаад зогсохгүй эрүүл мэндэд хязгааргүй их ач тустай байдаг.
Давсны хэрэглээг багасгах
Давсны хэрэглээг багасгахад  тухайн өдрөөсөө даралт буурч эхлэдэг. Үүнээс даралт ихсэхэд давс шууд болон шууд бусаар нөлөөлдөг болох нь харагдаж байгаа байх. Тиймээс давсны хэрэглээг багасгах нь даралт ихсэхээс сэргийлэх нэг гол хүчин зүйл болдог.
Согтууруулах ундааны зүйлийг зөв зохистой хэрэглэх
Согтууруулах ундааны зүйлийг хэт их хэмжээгээр хэрэглэх нь даралт ихсэх шалтгаан болно. Тиймээс зөв зохистой хэрэглэж занших нь зүйтэй. Согтууруулах ундааны зохистой хэмжээг  АНУ-ын хүнсний өдөр тутмын зөвлөмжинд тодорхой дурьдсан байдаг. Жишээлбэл эмэгтэй хүн өдөрт нэг хундага, эрэгтэй хүн хоёр хундага дарс уух нь зохист хэмжээ болно.
Стрессээ тайлах
Сэтгэл санааны тогтворгүй байдал, бухимдал удаан хугацааны туршид үргэлжлэх нь даралт ихсэх гол шалтгаан болдог. Стресс, бухимдлаас өөрийгөө ангижруулах олон арга зам байдаг бөгөөд түүнээс суралцах нь чухал юм.

            Хоол хүнсний тусламжтайгаар даралт ихсэхээс сэргийлж болно

  1. Потассиум : Потассиумтай хоол хүнс хэрэглэх нь цусны даралт ихсэхээс сэргийлэх ач холбогдолтой байдаг. Хэрвээ та хоол хүнснээс потассиумыг хангалттай хэмжээгээр авч байгаа гэж үзэж байвал хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, амин хэрэглэх шаардлагаггүй юм. Жимс ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн мөн загас, далайн гаралтай бүтээгдэхүүнд потассиум их хэмжээгээр агуулагддаг.
2.     Кальци. Хоол хүнснээс кальцийг бага хэмжээтэй авдаг хүмүүс даралт ихсэх өвчнөөр өвдөх эрсдэл өндөр түвшинд байгааг судалгаагаар тогтоосон байна. Гэсэн хэдий ч кальцийг таблет буюу үрлэн хэлбэрээр хэрэглэхэд даралт буурна гэсэн баталгаа байдаггүй. 19-50 насны хүмүүс өдөрт 1,000 мг, 50-иас дээш настай хүмүүс, жирэмсэн болон хөхүүл эхчүүд 1,200 мг кальцийг өдөр тутмын хоол хүнснээсээ авч байх ёстой. Тиймээс кальциар баялаг бүтээгдэхүүн өдөр тутам хэрэглэж занших хэрэгтэй. Ялангуяа тослог багатай сүү, тараг, йогурт, бяслаг зэрэг хоол хүнс хэрэглэснээр даралт ихсэх эрсдлийг бууруулна. Дашрамд дурьдахад тослог багатай болон тосгүй сүүн бүтээгдэхүүн нь тослогийн агууламж ихтэй бүтээгдэхүүнээс илүү кальциар баялаг байдаг байна.
3.     Магни.  Магни багатай хоол хүнс хэрэглэдэг хүмүүсийн даралт ихэсдэг. Гэхдээ зохист хэмжээнээс илүү магни авахыг эмч нар хориглодог. Бүхий л үрт хүнсний бүтээгдэхүүнд магни их хэмжээгээр агуулагддаг.  
4.     Загасны тос. Тослог загас болох макерель, салмон зэрэг загасанд “омега -3” тосон хүчил хэмээх эрүүл мэндэд туйлын ач тустай тос их хэмжээгээр агуулагдаж байдаг. Загасны тосыг их хэмжээгээр хэрэглэснээр даралт буурдаг хэдий ч урьдчилан сэргийлдэг эсэхийг хараахан тогтоогоогүй байна. Хоол хүнсэндээ загас үргэлж хэрэглэдэг хүн омега-3 тосыг үрлэн хэлбэрээр авах нь өдөр тутмын зохимжит хэмжээг хэтрүүлэх аюултай. Тааламжгүй олон сөрөг үр дагавар гардаг. Загасыг шарахгүйгээр жигнэж, чанаж хэрэглэх нь хамгийн зөв арга юм.
5.     Сармис. Сармис хэрэглэснээр даралт буурч “сайн” холестролийн түвшин нэмэгддэг. Мөн зарим төрлийн хавдар бий болох эрсдлийг бууруулдаг болохыг олон судалгаа харуулж байна.


No comments:

Post a Comment